Их Богд уулын БЦГ-ын хамгаалалтын захиргаа

  • 2008 онд байгуулагдсан
  • 70440510, 70440511
  • ikhbogd@mpa.gov.mn
  • Баянхонгор аймаг Номгон 1-р баг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байр

Ерөнхий танилцуулга

Их Богдын Байгалийн цогцолборт газрын  хамгаалалтын захиргаа нь Хангай нурууны үргэлжлэл хэсэг болох 288.190 га талбай өргөтгөл Галуут сумын Хан-Уул орчмын талбай 35000 га, Их Богд уул орчмын 262111 га талбай, нийт 550301 га талбайтай. /2012 онд Заг байдрагийн голын эхэн сав газрын БЦГазрын 117500 га, Говьгурван сайхны Баянхонгор аймгийн хэсгийн 523826га талбайтай болж нийт 1232776 га болж өргөжсөн.Хамгаалалтын захиргаа нь Баянхонгор аймгийн төвд байрлаж  тус аймгийн Эрдэнэцогт, Галуут сумын нутагт орших Хангайн нурууны үргэлжлэл хэсэг улсын тусгай хамгаалалттай газар, Их Богд уулын Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумдын нутгийг дамнан орших улсын тусгай хамгаалалттай газар гэсэн  хангай, говийн хоёр томоохон нутгийг хамгаалдаг. Хангай нурууны хэсэг нь Монгол орны болон Төв Азийн экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий хангайн уулархаг мужийн ойт хээр, өндөр уулын хээр хосолсон байгалийн бүс бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлөх бөгөөд дэлхийн цэвэр усны нөөцөд чухал ач холбогдол үзүүлэх гол мөрнүүд эх авсан усны хагалбар газруудтай юм.

ИББЦГазрын говийн хэсэг нь өндөр уул, уулын хээр, хуурай хээр, цөлжүү хээр, цөлөрхөг хээрийн бүсийг хамарч говийн уулсын экосистемийг бүрдүүлсэн газар нутаг юм.Эдгээр газарт манай улсад төдийгүй дэлхийд ховордсон амьтан, ургамалтайгаас гадна байгалийн үзэсгэлэнгээрээ гайхагддаг өвөрмөц сонин тогтоц бүхий уул нурууд, түүх, соёлын дурсалт газрууд, археологийн ховор олдвор зэргээр нэн баялаг нутаг билээ.

Нийт талбайн 35% нь Хангай нурууны хэсэгт, 65% нь Говь-Алтай нурууны салбар уулсын хэсэгт оршдогоороо онцлогтой. Говь-Алтайн бэлэрхэг уулын муж нь хэт гандуу цөлийн бүс, цөлжүү хээрийн бүсийн зааг дээр оршдог, хатуу ширүүн уур амьсгалын нөхцөлд орших боловч өндрийн нөлөөнөөс газарзүйн хэд хэдэн бүслүүрийг үүсгэн өвөрмөц орчныг бүрдүүлдэг.

Их Богд уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой, саланги тусгаар орших томоохон уулын систем үүсгэдэг бөгөөд  уулынхаа хормойгоос шууд цөлжүү хээрийн бүсэд шилждэг, цөлжилт хойшоо хангайн чиглэлд түрж байгаа өнөөгийн нөхцөлд говь цөлийн бүсийг тусгаарлан, цөлжилт,элсний нүүдлийн нөлөөг бууруулахад чухал үүрэгтэй.

Их Богд уулын хамгаалалттай бүс нь газар хөдлөлийн идэвхтэй хэсэгт хамаарагддаг бөгөөд 1957 оны 12 дугаар сард нэн хүчтэй /11-12 баллын/ газар хөдлөл болж энэ хүчит шилгээлтээр 300 гаруй км урт газарт ангархай, ан цав  үүсчээ. Энэ нь Монгол орны хэмжээн дэх 3 дахь томоохон газар хөдлөлт байсан юм. Сүүлийн жилүүдэд унтарсан галт уулууд сэргэж гамшиг учруулах болсноос улбаалан гадаад дотоодын судлаачид энэхүү хагарлыг судлахад ихээхэн анхаарч байна