2022 оны 12 сарын 23
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг бүхий 7 сумын хариуцан хамгаалдаг газар нутаг дахь бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлж, зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо хэмжээг тогтоох зорилгоор сум тус бүрт өвөлжөө-хаваржаа, зуслан-намаржааны бэлчээрт бэлчээрийн мониторингийн нийт 16 цэгийг байгуулсан. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох удирдамжийн дагуу 2022 оны 09 сарын 10-наас 22-ны хооронд мониторингийн 16 цэгт “Фото мониорингийн арга”-аар хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Энэ жил говийн бүс нутгаар зуны турш гандуу болон гантай, халуун хуурай салхи, ялангуяа 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3.7 градусаар халж байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, нэгжийн ургац арви муутай гарч, улмаар бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарах үндсэн нөхцөл болсон. Мөн хур тунадас хангалтгүй орж, зуншлага дунд буюу муу байсан зарим нутагт даац хэтэрч гарсан нь малын тоо ахиу байгаатай холбоотой. Тусгай хамгаалалттай газар нутгийн Галуут, Баянлиг, Баянговь сумдын хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, Эрдэнэцогт сумын 2,3 4 дүгээр баг, Жаргалант сумын 2 дугаар баг, Богд сумын 5 дугаар багийн хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, Жинст сум, Жаргалант сумын 3 дугаар багийн хувьд бэлчээр хүрэлцээтэй гэсэн тооцоолол гарсан. Өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан нутагт отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээ авахыг малчдад мэдэгдэж, ан амьтдад идэш тэжээлийн нөөц бэлтгэх талаар арга хэмжээ авч ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ