Ландшафт
Байгалийн цогцолборт газрын хангайн хэсэг уулархаг нутгийн ой нь ихэвчлэн уулын ар хажуугаар уулсаар байрладаг. Харин нам газраар нь тархсан өвөрмөц хэлбэрийн хээрийн ландшафттай
Хотгор гүдгэр
Эрдэнэцогт, Галуут зэрэг сумдын хангайн уулархаг нутгийн хотгор гүдгэр нь хоорондоо маш ялгаатай балар эртний үеийн хэлбэржин тогтох үйл явцын дүнд бий болжээ. Дэлхийн дотоод хүчний үйлчлэлээр хотгор, гүдгэрийн анхдагч томоохон хэлбэр үүсч, улмаар тэдгээр нь гадаад хүчний нөлөөгөөр /жишээ нь: борооны ус, нарны энерги ба түүнээс үүдсэн температурын хэлбэлзэл/ өөрчлөгдөж одоогийн Хангайн уулсын гадаргын хэлбэрийг бий болгосон байна.
Геологийн тогтоц
Хангайн уулархаг хэсэг нь эрт дээр үед дэлхийн гадаргын гүнд бий болсон маш эртний талсжсан чулуулгийн давхаргадаст /боржин/ хамаарна. Эдгээр чулуулаг нь халуун шингэн хайлмаг газрын гүн рүү нэвчин орж царцалт, хатуурал явагдсанаас үүссэн гэж үздэг.
Хангайн уулс нь бүтцийн хувьд янз бүрийн цаг үед тогтсон чулуулгаас тогтох бөгөөд ихэвчлэн палеозойн үеийн /эрт төрмөл-одоогоос 570-225 сая жилйн өмнө/ боржин чулуулгийн иж бүрдлээс тогтоно. Хангайн уулсын хамгийн эртний чулуулгийн давхаргадас нь Хангайн нурууны өмнөд хилээс баруун хэсэгт зарим нэг уулс ээлжлэн хөдөлгөөнд орж уул үүсэх үед каледоны атриат бүс үүсгэсэн байна.
Уур амьсгал
Хангайн бүсийн өндөр уултай газар нь сэрүүвтэр байдаг бөгөөд жилд ердөө 60 хоног л тэгээс дээш хэмтэй байдаг. Ийм уулын тоонд Эрдэнэцогт сумын Эрхэт хайрхан /30 км хүртэл хараатай, д.т.д 3535 м/ ордог.Хур бороо элбэг зарим зун 550 мм тунадас унах удаа бий. Цасан бүрхүүлийн зузаан дунджаар 5-10 см, хамгийн их нь 40-50 см хүрнэ. Тус мужийн ихэнх нутагт олон жилийн цэвдэг үргэлжлэн тохиолдоно. Ялангуяа уулын ар хажуу уулсын хоорондох хөндий хотгорт олон жилийн цэвдэг тогтвортой оршиж цэвдэгт үеийн зузаан нь хэдэн арван метрээр хэмжигдэнэ.
Хөрс
Хангайн бүсэд уулын ба ойт хээрийн хар хүрэн, хүрэн хөрс, мөн аллювийн нугын хөрс, өндөр уулын тагийн хэсгээрээ тайгын цэвдэгт ба ширэгт, хүлэрлэг хөрс, уулын нугын ба хар шороот, хар шороот маягийн хөрс зурваслан тархаж эх чулуулгийн илэрцтэй алаглан тогтоно. Уулын дээд, дунд хэсгээр ялангуяа ар талын ойгоор бүрхэгдсэн нутагт ойн саарал, бараан өнгийн хөрс зонхилхоос гадна энд хээржүү цөлийн бор хөрс зонхилох ба урд захаараа нунтаг карбонаттай хүрэн хөрстэй. Ургамалжилтын хувьд хуурайсаг сөөгөнцөрүүд бүхий жижиг бутат үетэн зонхилно. Хужир мараа бүхий тойромтой.
Ургамал
Хангай нурууны хэсэг буюу Галуут, Эрдэнэцогт сумдын нутаг нь ургамал газарзүйн мужлалаар Хангайн тойрогт багтана. Одоогийн байдлаар энэ тойрогт 1214 зүйл ургамал бүртгэгдсэний 1062 зүйл нь өвслөг, 151 нь модлог, сөөглөг ургамал байна.
Амьтан
Хангайн нурууны хэсэгт амьтны аймгийн хувьд биеэ даасан муж болох нь 1970, 1980-иад оны эхээр нэлээд эрчимтэй явагдсан судалгаануудаар нотлогдсон бөгөөд амьтны аймгийн хувьд Сибирь, Төв Азийн хооронд оршдог амьтны зүйлүүдийг агуулдагаараа онцлог юм. Одоогоор энд амьдардаг 33 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэнбайдаг. Энэ бүс нутагт Монголын Улаан дансанд орсон Халиун буга /Cervus elaphus/, аргаль хонь /Ovis ammon/, янгир ямаа /Capra sibirica/, ирвэс /Unci/a г.м амьтад байдаг.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ