Говь гурван сайхан БЦГ

Ерөнхий танилцуулга

ГОВИЙН ХЭСЭГ:

  Говийн үзэсгэлэнт байгаль: Их Богдын БЦГ-ын Говийн хэсэг нь 2012 оноос өмнө Говь гурван сайханы байгалийн цогцолборт газарт харъяалагдаж байсан бөгөөд 2012 оноос хойш Их Богдын БЦГ-ын Хамгаалалтын захиргаанд харъяалагдах болсон. Говийн энэхүү хэсэгт  523,000 га газар хамрагдах бөгөөд одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагын судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй.

Баянхонгор аймгийн УТХГ-ийн говийн хэсэг нь нэн ховордсон олон зүйлийн ургамал, ан амьтнаар баялаг, чулуулгийн өвөрмөц тогтоц бүхий газар тул  2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор хамгаалалтад авсан.

         Уулсын дундаж өндөр 1200-1800 м. Тэдгээр нь цэрдийн галавын хурдацнаас тогтсон, эвдрэл, элэгдлийн хэвгий гадарга бүхий өргөн бэлээр хүрээлэгдсэн байдаг. Энд эх газрын хуурай, ширүүн, эрс тэс уур амьсгал зонхилно. Зундаа дунджаар 39 хэмийн дулаан, өвөлдөө 25-35 хэмийн хүйтэн, жилд унах хур тунадасны хэмжээ зарим газартаа 50 мм-ээс бага байдаг нь Төв Азийн хамгийн хуурай уур амьсгалтай газрын нэгэнд зүй ёсоор ордог.

          Харин уулсаар унах хур тунадасны хэмжээ жилд 200 мм хүрдэг боловч энэ нь ихэвчлэн зуны улиралд хүчтэй аадар борооны хэлбэрээр буудаг. Баруунаас зүүн тийш 150 гаруй километр үргэлжилсэн байгалийн цогцолборт газар нь цөлөрхөг хээр, цөлийн бүсийн янз бүрийн экосистемийг өөртөө агуулдаг. Энд чулуут, элсэн цөл, хадан хясаа, хуурай хөндий, гуу жалга, хужир мараа, булаг, шанд, баян бүрд зэрэг говийн бүх л экосистем тааралдана.  

          Өдлөг хялгана, таанат цөлжүү хээр, дэгнүүлт жижиг үетэнт цөл зонхилдог. Ургамлын аймгийн хувьд ихэвчлэн Төв Азийн цөлийн төлөөлөгчид голлосон 620 гаруй дээд ургамал, тэдгээрийн дотор 38 зүйлийн Говь-Алтайн унаган, хагас унаган ургамал тааралдана. Байгалийн цогцолборт газар нь зарим туурайтан амьтдын амьдрах тааламжтай орчныг бүрдүүлдэг.